Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заасан.
Аймгийн хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний норматив(үйлчилгээний жишиг үнэ, үнэлгээ)-ыг өмнө мөрдөгдөж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2009, 2013 онд тус тус батлан мөрдөж байсан бөгөөд аймгийн ИТХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор аймгийн мал сүрэгт явуулах мал эмнэлгийн жишиг үнэлгээнд бод, бог малд хийх тарилгын жишиг үнэлгээг 250-400 төгрөгөөр баталж 2021 оныг хүртэл үндсэндээ 12 жил өөрчлөлтгүй мөрдөгдөж байна.
Энэ нормативаар мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, мал, амьтныг дархлаажуулахад малын эмч гаргасан өртгөө нөхдөггүй, алдагдалтай ажиллах, үүнээс шалтгаалан арга хэмжээ чанаргүй, үр дүнгүй болох нөхцөл үүсч, энэ салбарын хүний нөөцийн хангалт зогсонги байдалд орж, хөрөнгө оруулах, бэхжих боломжгүй, ажлын нөхцөл хүнд зэргээс шалтгаалан шинэ төгсөгч, залуу мэргэжилтнүүд үнэлгээ өндөр мал эмнэлгийн салбар болох жижиг амьтны, хурдан морь, адууны эмнэлэгт ихээр ажиллах боллоо.
Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан мал эмнэлгийн үйлчилгээний нормативыг бодит өртгөөр тогтоож, малын эмчид үүсч байгаа алдагдлыг бууруулах, мал эмнэлгийн салбарын ажилтны ажиллах нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, Мал эмнэлгийн үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулахаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай” тогтоолын төслийг боловсрууллаа.
Та бүхэн “Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай” тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус газрын darkhan-uul@vet.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.