ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ, ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан-Уул аймгийн хэмжээнд ажиллаж буй малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн уулзалт, хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, өнгөрсөн оны ажлын үр дүнг хэлэлцэн, ирэх оны зорилго, чиглэлийг тодорхойлох чухал арга хэмжээ боллоо.

Уулзалтаар 2024 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн мал эмнэлгийн ажил, үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, малын гоц халдварт өвчний хяналт, тарилга, тандалт, хариу арга хэмжээ зэрэг гол гол ажлуудыг тайлагнаж, тэдгээрийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийв.

Мөн 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, чиг хандлага, шинээр тулгарч буй сорилт, боломжуудын талаар хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцсон нь оролцогчдын хувьд ажлаа илүү уялдаа холбоотой, үр дүнтэй зохион байгуулахад чухал алхам боллоо.

Гурвалсан гэрээ байгууллаа

✍️Уулзалтын үеэр сумдын Засаг дарга, Мал эмнэлгийн газрын дарга болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн төлөөлөл оролцож, 2025 онд мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхлэх гурвалсан гэрээг байгуулсан нь орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч эмч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулахад чиглэсэн бодит үр дүн гарах нөхцлийг бүрдүүллээ.

Төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо

✍️Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Х.Алтангэрэл, аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, малын эмийн худалдаа эрхлэгчид болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжийн эмч нар өргөн бүрэлдэхүүнээр оролцсон юм. Тэд мэргэжлийн чиглэлээр харилцан санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцсэн нь цаашдын хамтын ажиллагаанд эерэг хандлага бий болгосон чухал үр дүнтэй байв.

Удирдлагын зүгээс өгсөн үүрэг, чиглэл

✍️ Хуралдааны төгсгөлд оролцогчид Мал эмнэлгийн салбарын ажлын чанар, хүртээмжийг сайжруулах, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн бодлого, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой санал, шийдлийг дэвшүүлж хэлэлцлээ.

Share this post