Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны 01/02 дугаар албан даалгаврын хүрээнд “Цэвэр орчин – Эрүүл мал – Чанартай бүтээгдэхүүн” мал угаалгын аяныг Дархан-Уул аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн нийт мал сүргийг мал угаалгын арга хэмжээнд бүрэн хамруулах чиглэлийн дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Аяны хүрээнд Дархан, Хонгор, Шарын гол сумдад мал угаалгын ажлын явц, гүйцэтгэлд хяналт хийж, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Хяналтын явцад мал угаалгын бодисын чанар, хадгалалт, хүчинтэй хугацаа, найруулга, технологийн горим болон бүртгэл, тайлагналын хэрэгжилтийг шалгав.
Мал угаалга нь малын гадна шимэгчийг устгах, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх, малын арьс, ноос, ноолуурын чанар, ашиг шимийг хамгаалах чухал ач холбогдолтой.
Иймд малчин, мал бүхий иргэд та бүхэн товлосон хугацаанд малын эмчийн заавар, хяналтын дор малаа угаалгад бүрэн хамруулж, малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хамгаалахад идэвхтэй оролцоно уу.



