Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2026 оны 01/02 дугаар албан даалгаврын хүрээнд “ЦЭВЭР ОРЧИН – ЭРҮҮЛ МАЛ – ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН” мал угаалгын аяны хүрээнд аймгийн нийт мал сүргийг мал угаалгын арга хэмжээнд бүрэн хамруулах чиглэлийг баримтлан хэрэгжүүлнэ.
Орон нутгийн захиалгаар Хонгор суманд 2 (Эрхэт, Хүйтний гол), Шарын гол суманд (Зэвсэгт) 1 буюу нийт мал угаалгын 3 суурин ванн шинээр ашиглалтад оруулж бог малыг ванндаж угаах ажлыг эрчимжүүлээд байна.
Мал угаалгын аяны хүрээнд сумдад мал угаалгын ажлын явц, гүйцэтгэлд хяналт хийж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Арга хэмжээний газар дээрх хяналтаар мал угаалгын бодисын чанар, хадгалалт, хүчинтэй хугацаа, ажлын уусмал бэлтгэх технологийн горим болон акт баримтын бүрдлийг шалгав.
Малаа угаалгад хамруулснаар малын гадна шимэгчийг устгах, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх, малын ашиг шим нэмэгдэж махны гарц 15 хувь, арьс, ноос, ноолуурын чанар 20 хувиар нэмэгдэх ач холбогдолтой.




