“ХОНГОР-2025” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

“ХОНГОР-2025” төслийн хүрээнд Хонгор сумын малчин өрхүүдийг хамруулан шимэгч хорхойн халдварлалтын суурь түвшинг тодорхойлж, авгалдай өсгөвөрлөх замаар төрөл зүйлийг тогтоох, олон улсад ашигладаг оношилгооны цомгоор илрүүлэх шинжилгээг улирлын хөдлөл зүйгээр судлан турших, эмчлэн сэргийлэх эмийн бодисыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу үйлдвэрлэлд хэрэглэж лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан үр дүнд үндэслэн зөвлөмж боловсруулах, нийтийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү төслийн гол зорилго оршино.

📌Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага

Монгол улсын томоохон хотын тоонд ордог манай аймгийн хувьд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс дамжин халдварладаг зооноз өвчний аливаа эрсдэлээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийг шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх, эмчлэн сэргийлэх, мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээг товлосон хугацаанд мэргэжлийн эмчээр гүйцэтгүүлэх, шинжлэх ухаанд суурилсан тандалт судалгааг хийж цаашид үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх замаар ашиг шимийг дээшлүүлэн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна.

Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газраас “ХОНГОР-2025” төслийг санаачлан Хонгор сумын удирдлагуудын дэмжлэгтэйгээр Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

📌Төслийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

• Мал сүргийг шимэгчтэх өвчнөөс эмчлэх, сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх

• Олон улсад ашигладаг оношилгооны арга зүйг ашиглан халдварын тархалтын түвшин, шимэгч хорхойн төрөл зүйлийг тодорхойлох

• Халдвар тархах эрсдэлийг бүс нутгийн хэмжээнд үнэлэх, урьдчилан сэргийлэх

• Мал сүргийг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга зүйг боловсруулах

• Малчдад зориулсан сургалт, мэдлэг олгох үйл ажиллагаа зохион байгуулах

• Мал сүргийн болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах

📌Төсөл хэрэгжих хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр хүртэл

📌Хамрах хүрээ: Дархан-Уул аймгийн Хонгор сум

Share this post