Аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/482 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын А/39 дүгээр тушаалын дагуу шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг аймгийн хэмжээнд эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 57.7 мянган толгой мал хамруулхаар төлөвлөж, Засаг даргын захирамжийг сумдад хүргүүлэн, төлөвлөгөөт хуваарийн дагуу, мал эмнэлгийн тасаг, нэгжийн эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор дархлаажуулалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хууль эрх зүйн үндэслэл
“Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.8.1, 9.8.2, 9.9 дахь заалтын дагуу малчин, амьтан маллагч, мал амьтан өмчлөгч дараах үүргийг хүлээнэ:
Мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж буй дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малыг бүрэн хамруулах;
Вакцинжуулалтын дараа илэрч болох сөрөг урвал, шинж тэмдгийг тухай бүр мэдээллэх;
Хорио цээрийн болон ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг чанд сахих;
Мал, амьтныг барьж бэхлэн, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх.
Дархлаажуулалтын зорилго
Шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх;
Мал сүргийн дархлааг дэмжих;
Малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;
Улсын хэмжээнд шүлхий өвчний эрсдэлийг бууруулах.

УРИАЛГА
Малчид, амьтан маллагч та бүхэн өөрийн харьяа сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нартай холбогдон, вакцинжуулалтын арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалаарай.