Шимэгчтэх болон халдваргүй өвчний тандан судалгааг Орхон, Хонгор сумдад хэрэгжүүлэхээр санаачлан орон нутгийн удирдлагын дэмжлэгийг авч Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран амжилттай хэрэгжүүллээ. Сумдад хэрэгжүүлсэн судалгааны ажлууд нь мал эмнэлгийн салбарт анх удаа орон нутгийн санаачлага, дэмжлэгтэйгээр хэрэгжсэн гэдгээрээ онцлог ач холбогдолтой юм.
“ХОНГОР-2025” төслийн хүрээнд:
Сумын шимэгч хорхойн халдварын суурь түвшин, төрөл зүйлийг тодорхойлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оношилгооны шинэ аргыг Монгол улсад анх удаа туршин үр дүн лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. Бүс нутагт тархаад буй шимэгчтэх өвчний суурь судалгааны дүнд үндэслэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвлөмж боловсрууллаа.
“ОРХОН-2025” төслийн хүрээнд:
Нутагшмал өвчний тандан судалгааг Орхон сумын эрсдэл бүхий хэсгүүдэд хөрс, ус, ургамал болон малын цус, шээсний химийн найрлага, биогеохимийн онцлогтой уялдуулан, улирлын хамааралтайгаар судлан тогтоож лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан үр дүнд үндэслэн бүс нутгийн онцлогт тохирсон нутагшмал өвчнөөс сэргийлэх зөвлөмж боловсрууллаа.
Тандалт судалгааны эцсийн үр дүнг Хонгор сумын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүд болон сумын удирдлагуудад, Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд болон Хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хорооны гишүүдэд танилцуулан амжилттай хэлэлцүүлэв.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, бүх талаар дэмжин хамтран ажилласан Хонгор сумын Засаг дарга Н.Ганбаатар, Орхон сумын Засаг дарга Б.Түмэнцогт, судалгаа шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэсэн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагууд болон Гельминт судлалын лаборатори, Бодис солилцоо, биохимийн лаборатори, Эмгэг судлалын лабораторийн эрдэмтэд судлаачдад гүн талархал илэрхийлье.
Цаашид ч орон нутгийн хөгжил, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.



