Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар ханган биелүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаас ДААЛГАХ нь
Нэг. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:
- Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан … Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ … гэснийг үндэслэн хүн амын өвөл, хаврын хүнсэнд хэрэгцээлэх махыг Засаг даргын бүрэн хяналтан дор хүнсний аюулгүй байдлыг хангаж, бэлтгэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Бэлтгэсэн мах, дайвар бүтээгдэхүүнийг түр хугацаанд хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан агуулах бэлтгэх, төв суурин газрын махны үйлдвэр, худалдаа үйлчилгээний төв, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан борлуулах, тээвэрлэх ажлыг зохион байгуулах;
- Бэлтгэсэн малын арьс, ширэнд анхан шатны боловсруулалт хийх, мэргэжлийн холбоодтой хамтран худалдан борлуулах ажлыг зохион байгуулах;
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд ургац хураалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцож ажиллах;
- Аймаг, сумын түвшинд бүрдүүлвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэж, шаардлагатай цэгүүдэд байршуулах;
- Хадлан бэлтгэх боломжгүй сумдын аюулгүй нөөцийн өвсийг хадлангийн нөөц талбай бүхий орон нутгийн удирдлагатай харилцан тохиролцож хадлангийн талбай ашиглах гэрээ хэлцлийг хийх ажлыг зохион байгуулах;
- Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, Хилийн зурвас газар, Улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авч малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг отроор өвөлжүүлж хаваржуулах ажлыг зохион байгуулах;
- Отроор явж буй малчин өрхийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, малд нь мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, зардлыг шийдвэрлэж отор хүлээн авагч талд шилжүүлэх;
- Аймаг, сумын хэмжээнд орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц бэлчээрийн хил заагийг тодорхойлж, өөрийн аймаг, сумын малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулах;
- Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлыг өөрийн болон бусад аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж, оторлож буй малчдад цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
- Хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтын үед цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
- Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулж, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангах;
- Худаг, уст цэг, өвөлжөө, хашаа, хорооны хүрэлцээ хангамжийн тооцоог сум, баг, малчин өрх бүрээр гаргах, малын хашаа хороог дулаалах, бууц нөөцлөх;
- Малчид, иргэд өөрийн хөрөнгө оруулалтаар бэлчээрт гар худаг болон инженерийн хийцтэй худаг гаргасан, сэргээн засварласан бол тэднийг урамшуулах арга хэмжээг зохион байгуулах;
- Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтээр гаргаж байгаа инженерийн хийцтэй худаг, уст цэгийн гүйцэтгэлд хяналт тавих, 10 дугаар сард багтаан хүлээн авч эзэнжүүлэх;
- Орон нутагт хэрэгжиж байгаа гадаад орон, олон улсын байгууллагын төслийн нэгжүүдийг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд татан оролцуулж хамтран ажиллах;
- Төвлөрсөн хот, суурин газрын хүн амын өвөл, хаврын улирлын махны нөөцийг бүрдүүлэх, мах экспортод гаргах зорилгоор “эрүүл бүс” бий болгох асуудлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах;
- Малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн аймгийн аж ахуйн нэгжүүдээс аймаг, сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлж малчдадаа хүргэх талаар тодорхой арга хэмжээ авах;
- Ургацын урьдчилсан балансыг 08 дугаар сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг боловсруулах, ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах, ургацын салбар штабыг байгуулж уртасгасан цагаар ажиллуулах;
- Ургац хураалтын бэлтгэлийг хангах, намхан тачир, алаг цоог болцтой тариаг хаягдалгүй хураахад зориулсан техник тоног төхөөрөмжийг тоноглож бэлэн байдлыг хангаж ажиллах;
- Орон нутагтаа гангийн эрсдэл болон мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллах;
- Албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг 10 дугаар сарын 20-ны дотор зохих зааврын дагуу дүгнэж хангалтгүй биелүүлсэн сумдын удирдлагад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох.
Хоёр. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт нь:
- Мал сүргийг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж аймаг, сум дамжсан отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хатуу хяналт тавих;
- Отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, сэжигтэй мал, амьтныг нэвтрүүлэхгүй байх бүх талын арга хэмжээ авч ажиллах;
- Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, гүйцэтгэлийг хянаж, үр дүнг тайлагнах;
- Мал сүргийг угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавих;
- Мал сүргийг намрын үзлэг ангилалтад хамруулж, орон нутгийн түвшинд хээлтүүлэгч малын хүрэлцээг тооцож стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, биотехнологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг эрчимжүүлэх;
- Мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлсэн хээлтүүлэгч малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, өвөлжөө хаваржаа, өвс тэжээлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Цаг агаарын улирлын урьдчилсан төлөв байдлын мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино, дунд хугацааны урьдчилсан мэдээг малчид, иргэдэд шуурхай хүргэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авах;
- Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг хүлээн авах, тайлагнах;
- Ургац хураалтад ажиллах хүн, хүч, техник, үтрэм агуулах, элеватор, зоорийн засвар, ариутгалыг холбогдох заавар, журмын дагуу хэрэгжүүлж, шатах тослох материалын нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;
- Үр тарианы сүрэл, тэжээлийн ургамлын иш, навч болон таана, хөмүүл, халгай, лууль зэрэг ургамлуудыг даршлах, гар тэжээл бэлтгэх арга, технологийг малчдад зааж сурган бэлтгүүлэх ажлыг зохион байгуулах;
- Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж ургацын штабт захиалга өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн ариутгал халдваргүйжилтийг хийх, засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах;
- Намрын ургацаас хураасан хүнсний улаан буудайг биржээр арилжаалах арга хэмжээг тариаланч, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллах;
- Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа боловсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх;
- Хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын явцад тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд шуурхай шийдвэрлүүлж ажиллах;
- Албан даалгаврыг холбогдох байгууллага, иргэд, малчдад хүргэх, хэрэгжилтийг тайлагнах ажлыг зохион байгуулах.
Гурав. Малчид, мал бүхий иргэдэд:
- Отор нүүдлийг цаг алдалгүй хийх, малдаа тарга хүч бүрэн авахуулах, ангилалт хийж дундаас доош тарга хүчтэй малд шаардагдах нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулах;
- Зуншлага болон цаг агаарын байдал, малын тарга хүчтэй уялдуулан бог малын хээлтүүлэгчийг нийлүүлэх хугацааг тогтоох, зусаг, борлонг хээлтүүлэгт оруулалгүй өнжөөх;
- Бог малын хээлтүүлэгчийн суурийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх;
- Өвөлжөө, хаваржааны хашаа, хороог засварлаж дулаалах, хөрзөнг ховхлон ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, өтөг бууцыг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх, аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг хангалттай бүрдүүлэх;
- Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулах, малдаа үзлэг ангилалт хийлгэх;
- Өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хийж дулаан хувцас, түлээ түлж, хоол хүнсээ хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх;
- Орон нутгийнхаа онцлог, боломжинд тулгуурлан хөмүүл, халгай, сүрэл, лай, халтар хомоол, хүнсний ногооны иш, навч зэргээр гар тэжээл бэлтгэх;
- Ургац хураалтын ажил дуусталх хугацаанд мал сүргээ байнгын хариуллага, маллагаатай байлгах.
“Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу Засгийн газрын 221 дүгээр тогтоол болон энэ албан даалгаврын биелэлтийн тайланг 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэхийг даалгаж байна.
САЙД З.МЭНДСАЙХАН