Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 24 дүгээр хуралдаанаар өнөөдөр /2024.07.31/ Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
“Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив нь 2013 онд батлагдсан үнэлгээгээр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа нь эмнэл зүйн үзлэг, тарилга, өвчний голомтыг устгах, халдваргүйтгэл хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах, дуудлага үйлчилгээ үзүүлэгч ААНБ, иргэдийн хувьд зарлага нь орлогоосоо давж, алдагдал хүлээн, үүнээс шалтгаалан арга хэмжээ чанаргүй, үр дүнгүй болох нөхцөл үүссэн, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хөрөнгө оруулах, бэхжих боломжгүй, энэ салбарт хүний нөөцийн хомсдолд орсон зэрэг нөхцөл үүсээд байна.
Тус аймагт 2024 оны байдлаар ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний 10, тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээний 1, нийт 11 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээний нормативыг шинэчлэн тогтоосноор малын эмч мэргэжилтнүүдийн орлого нэмэгдэх, үйлчилгээний салбарын үр ашиг дээшлэх, мэргэжлээрээ ажиллах залуу мэргэжилтний тоо нэмэгдэж, тус салбар илүү бэхжих эерэг үзүүлэлтүүд гарах юм.
Тиймээс цалин, багаж, хэрэгсэл, эм, бэлдмэлийн үнэ, өртгийг одоогийн нөхцөл байдал, үнэ ханшид уялдуулан шинэчилж, улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зардлын нормативыг батлахыг Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.