Дархан-Уул аймагт өнөөдөр /2019.04.12/ Эрчимжсэн мал аж ахуйн салбарын төвийн бүсийн уулзалт, зөвлөгөөн боллоо.
Төвийн бүсийн гэгддэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн мал аж ахуйн салбарын болоод холбогдох яамны төлөөлөгчид чуулсан юм.
Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэлийг тодорхой түвшинд эрчимжүүлж, улмаар хот, суурин газрын төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг үе шаттай бууруулах шаардлага Монгол улсад тулгараад байгаа. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажлын байрыг хадгалах хэрэгтэй байгаа учраас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг баталсан. 2019-2023 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагааг бүсчлэн төрөлжүүлэх бодлогыг баримталж байгаа юм. Энэ ч үүднээсээ Монгол улсын бүс тус бүрт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж эрчимжсэн МАА-г хэрхэн хөгжүүлэх, юун дээр анхаарах талаар хэлэлцэж байна. Энэ үеэр эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих, уг салбарт техник технологийн дэвшлийг нутагшуулах зэрэг олон чухал зорилтыг өмнөө тавьжээ. Өнөөдрийн зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж буй Монгол улсад Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/” төсөл Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна. Тус төслөөс эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хүрээнд олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа олон жишээг өнөөдрийн зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Эдгээрээс онцлоход энэ оны ирэх 6 дугаар сараас эхлэн Хонгор суманд сүүний хөргөлтийн төвийг байгуулахаар ажиллаж байгааг дурдлаа. Манай аймгийн хувьд үхэр сүрэг нийт сүрэгт эзлэх хувь 1970-аас 2007 он хүртэл тогтмол буурсан ч 2008 оноос эргэн нэмэгдэж 2017 онд 16.2 хувь буюу 50.29 мянган толгой болтлоо өсөж, 1 км2 нутаг дэвсгэрт ноогдох тугалын тоогоор Дархан-Уул аймаг Улаанбаатар хотын дараа орж байна.
Бойжуулсан тугалын тоог сумдуудын багуудаар авч үзвэл Хонгор сумын 2 дугаар баг хамгийн их буюу 4328 тугал бойжуулжээ. Тиймээс тус багт сүүний хөргөлтийн төвийг байгуулахаар болсон байна. Энэхүү хөргөлтийн төвүүд ашиглалтад орсноор боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангалт сайжирч, малчдын орлого нэмэгдэх томоохон боломжууд бүрдэх юм байна.
Төвийн бүсийн энэхүү зөвлөгөөний үеэр эрчимжсэн МАА-г хөгжүүлэхийн тулд жижиг, дунд, том фермер, аж ахуйн нэгжийг оновчтой тодорхойлох, үүний дагуу стандарт тогтоох, гадаадаас өндөр ашиг шимт мал оруулж ирэх асуудалд уян хатан хандах, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах зориулалт бүхий үржүүлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих улмаар өвс, тэжээлийн газар, талбайг шийдэж өгөх, жижиг оврын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх зэрэг саналуудыг зөвлөгөөнд оролцогчид гаргасан юм.