МЭЕГ, МАА-ЭЗЭН төсөл хамтран төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтыг 2023.03.20-04.07 хооронд амжилттай зохион байгуулав.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30.20-д “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам, малын эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/385 тоот тушаалаар “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам” батлагдан хэрэгжиж байна. Тус журманд МЭЕГ-ын дэргэд орон тооны бус “Сургалтын комисс” ажиллахаар заасан байна.

Энэхүү журмын хүрээнд МЭЕГ-аас нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж дараах сэвдүүдээр сургалт зохион байгуулах байгууллагуудыг сонгосон бөгөөд эдгээрийг 3 багц цагийн хоёр хөтөлбөр болгон нэгтгэж МАА-ЭЗЭН төслийн зорилтод 12 аймгийн малын эмч нарт зориулан сургалт зохион байгууллаа. Үүнд:

Нэгдүгээр багц хөтөлбөр (3 багц цаг)

  1. Мал эмнэлгийн үйлчилгээний бизнесийн эрх зүйн орчин, /ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль/
  2. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн менежмент, /Эдийн засаг, хөгжил, сургалт судалгааны төв ТББ/
  3. Үхрийн арьс товруутах өвчин, /Мал эмнэлгийн хүрээлэн/
  4. Хонь, ямааны цэцэг, /Мал эмнэлгийн хүрээлэн/

Хоёрдугаар багц хөтөлбөр (3 багц цаг)

  1. Мал эмнэлгийн үйлчилгээний маркетинг, /Хөдөө аж ахуйн инноваци, технологийн парк/
  2. Лабораторийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага: Мал эмнэлгийн магадлан шинжилгээний арга зүй, /Гарааны Праймер ХХК/
  3. Бог малын мялзан, /Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори/
  4. Шүлхий /Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори/

Энэхүү сургалтын гол зорилго нь малын эмч нарт шинээр нэвтэрч байгаа үргэлжилсэн сургалтын тогтолцоог танилцуулах, шинэлэг арга барилаар үргэлжилсэн сургалтыг хийх замаар малын эмч нарыг чадавхижуулах, Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил удирдлагын систем-ийг танилцуулж нэвтрүүлэх юм.

Малын эмчийн цуглуулсан багц цаг болон итгэмжлэлийн хугацааг “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил удирдлагын систем”-ээр хянах бөгөөд малын эмч, мэргэжилтэнд зориулсан сургалт, мэдээллүүд уг системээр дамжин хүрнэ. Тус системд малын эмч, мэргэжилтнүүд бүртгүүлснээр хувь хүний мэдээллээ харах, хянах, баяжуулах, шаардлагатай сургалтандаа цахимаар бүртгүүлэх, цахимаар шалгалт өгөх, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.

Share this post